Хай Би Ойл ХК: 2018 онд урьдчилсан байдлаар 1400 тонн мазут борлуулахаар төлөвлөж байна


Монголын Хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй “Хай Би Ойл” компани 2018 онд урьдчилсан байдлаар 1400 тонн мазут борлуулахаар төлөвлөжээ. Тус компани 2017 онд 630 орчим тонн мазут борлуулж, 561.5 сая төгрөгийн орлого олсон байна. “Хай Би Ойл” компани 2013 онд газрын тосны хайгуул олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ninox Hydrocarbons Berhad” компанийг худалдан авсан юм. “Ninox Hydrocarbons Berhad” компани нь БНАСАУ-ын “Кorea Oil Exploration Corporation”-ийн 20 хувийг эзэмшдэг аж. Гэхдээ БНАСАУ-ын Төрийн өмчит “Korea Oil Exploration Corporation” нь 2017 оны нэгдүгээр сард АНУ-ын тавьсан хоригт багтаж, хар жагсаалтад бүртгэгдсэн юм. Ингэснээр “Хай Би Ойл” компани БНАСАУ дахь төслөө үргэлжлүүлэх боломжгүй болж, охин компани болох “Ninox Hydrocarbons Berhad”-д оруулсан хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны зардалд нийт 4.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэж тайландаа тусгажээ.

“Хай Би Ойл” компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 45.4 хувиар унаж, 66 төгрөг болсон байна. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь 3.4 тэрбум төгрөг болж буурчээ.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


May 1, 2018
Web Design & Website Developed by Safesoft Solution LLC.
All rights reserved.