Aspire Mining: Энэ онд “Нүүрстэй” төслийн хүрээнд 54 цооног өрөмдөнө


Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компанийн бэлэн мөнгөний үлдэгдэл энэ оны эхний улирлын эцэст 9.5 сая австрали долларт хүрсэн байна. Тайланд дурдсанаар Хөвсгөлийн Мөрөнгөөс 10 км зайтай орших “Нүүрстэй” коксжих нүүрсний төслийнхөө хайгуулын ажлыг орон нутагтай хийх нэмэлт яриа хэлэлцээрийн улмаас түр хойшлуулжээ. Тус компани энэ онд “Нүүрстэй” төслийн хүрээнд 54 цооног өрөмдөхөөр төлөвлөж, холбогдох бүх зөвшөөрлөө аваад байгаа юм байна. Үүнээс гадна “Aspire Mining” компани БНСУ, БНХАУ-ын боломжит худалдан авагчдад нүүрсээ худалдахаар яриа хэлэлцээ эхлүүлээд байгаа юм. Мөн “Нүүрстэй” төсөлтэй зэрэгцээ орших ордоос 100 мянган тонн нүүрс худалдаж авахаар Монгол Улсын Засгийн газартай тохиролцжээ. Тайлан гарахаас өмнө тус компанийн Гүйцэтгэх захирал Дэвид Поулл “Pro-Active-Investors”-т өгсөн ярилцлагынхаа үеэр “Нүүрстэй” коксжих нүүрсний төслийн ТЭЗҮ-ийг энэ оны дундуур дуусгаж, улмаар ирэх онд олборлолт хийж эхлэхээр төлөвлөж байгаа талаар дурдаж байсан юм.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


May 1, 2018
Web Design & Website Developed by Safesoft Solution LLC.
All rights reserved.